МАЛНУУДЫН ЭРХИЙГ НЬ ХАСАААД өндрөөр торгоод байя

October 8, 2020
1005
Views

Ахиад л гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж гэмтээсэн осол Яармагийн замд гарчээ! “British” сургуулийн хойд замын гарцаар гарч байсан арван настай хүүхдийг Honda CRV маркийн машин мөргөсөн гэмтээсэн хэрэг өнөөдөр /2020.10.07/ өглөө гарсан байна. Үүнээс хоёр хоногийн өмнө цэцэрлэгээсээ тарж, гэртээ харихаар гарцаар гарч явсан ах дүү хоёрыг BMW X3 маркийн автомашины жолооч Б мөргөснөөс болж таван настай охин харамсалтайгаар газар дээрээ амиа алдсан юм.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр дээрх осол болсон байдаг.  Хэрэвзээ BMW X3 маркийн автомашины жолооч Б замын хөдөлгөөний дүрмээ барьж, гарцаар гарч явсан хүүхдүүдэд хэдхэн секунд л зам тавиад өгсөн бол тэд өнөөдөр  цэцэрлэг сургуульдаа явж байх байлаа. Хэрэвзээ “Улаанбаатарчуудын 92 хувь нь аз жаргалтай  амьдардаг” гэсэн амьдралаас тасарсан статистик судалгаа барьчихаад сонгуульдаж яваа нийслэлийн удирдлагууд тэнд хурд сааруулагч тавьсан бол  хүүхдүүд эрүүл, саруул байх байлаа. Томчуудын хариуцлагагүй, хаана, хаанаа хууль дүрэм, журмаа биелүүлдэггүй хандлагын золиосонд олон хүүхэд амь, нас эрүүл мэндээрээ хохироод үлддэг. 

Бага насны хүүхэд заавал аав, ээжийнхээ хамт замын хөдөлгөөнд оролцоно гэж хуульд заасан. Гэхдээ бодит амьдрал дээр аав, ээж нь гарцаар гаргаад өгчих боломжгүй хүүхдүүд ч цөөнгүй. Тиймээс замын хөдөлгөөний дүрмийн дагуу гарцаар гарч явсан хүүхдүүдийг буруутгахаас илүү замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүй жолооч нарын хариуцлага, шийтгэлийг  чангаруулах шаардлагатай болжээ. 

Үнэндээ нийслэлд амьд явах баталгаа байхгүй болсон.  Өглөө гэрээсээ гарсан хүүхэд орой зам дээр, гарцан дээр амиа алдах эрсдэл алхам тутамд нүүрлэж байна. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр 2020 он гарсаар гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж гэмтээсэн 159 осол гарчээ. Үүний 99 хувь нь жолоочийн буруугаас гарсан осол.  

Замын хөдөлгөөний дүрэмд ногоон гэрлээр, гарцаар гарч яваа явган зорчигч давуу эрхтэй гэж заасан. Харамсалтай нь, ногоон гэрэл, гарцан дээр зогсдог жолооч нар цөөн. Ялангуяа хотын захын замаар давхиж яваа жолооч нарын хувьд ногоон гэрэл, цагаан шугам зөрчих нь энүүхэнд. Ихэнх нь галзуу согтуу юм шиг хурдаа нэмэн давхидаг.

Ногоон гэрлээр, гарцаар гарч яваа зорчигчийг мөргөж гэмтээх, амь насыг нь хөнөөж байгаа бол санамсаргүй осол биш санаатай хүн амины хэрэг үйлдэж байна гэсэн үг.  

317.  Энэ бол 2020 оны эхний есдүгээр сарын байдлаар  авто ослоор амиа алдсан хүмүүсийн тоо. Замын эвдрэл, бүрэн бүтэн бус тээврийн хэрэгсэл, согтуу болон хурд хэтрүүлсэн, дүрэм зөрчсөн жолооч нараас болж олон хүн зуурдаар амиа алдсаар. Тээврийн цагдаагийн албанд 2020 оны эхний  есдүгээр сарын байдлаар 16091 зам тээврийн осол бүртгэгджээ. Ослын улмаас 317 хүний амь нас хохирч, 2073 хүн гэмтсэн байна. 

Нас барсан 317 хохирогчийн 95 нь  жолооч, 118 явган зорчигч бол 102 нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан байна.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар, зам тээврийн осол гарсан шалтгаан, хэлбэрийг авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, замын нөхцөлд хурдыг зөв сонгож яваагүйгээс, хажуу хоорондын зайг бариагүйгээс бүртгэгдсэн осол буурахгүй байгаа аж.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “Уулзвар буюу явган хүний гарц нэвтрэх журам зөрчих” гэсэн заалт бий. 

“Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож, уулзвар нэвтрэх үед явган зорчигчийн гарц, эсхүл уулзвар дээр зогссон давуу эрхтэй уулзвар нэвтрэгчид зам тавьж өгөөгүй бол хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийн онооноос хоёр оноо хасна” гэдгийг Зөрчлийн тухай хуульд зааж өгчээ. 

Гэвч, гарцан дээр хүн мөргөсөн, дайрсан, хөнөөсөн осол буурахгүй байна.   Тиймээс ногоон гэрэл, цагаан шугамаар гарч яваа явган зорчигчийг дайрчих шахан өнгөрдөг жолооч нарыг мөнгөөр торгохоос гадна санаатай хүн амины хэрэг үйлдэхийг завдсан гэж үздэг, ялладаг болох хэрэгтэй юм. Явган зорчигч ногоон гэрэл, цагаан шугамаар аюулгүй, эрсдэлгүйгээр замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.

эх сурвалж: news.mn

Article Categories:
Мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

The maximum upload file size: 32 MB. You can upload: image, audio, video, document, spreadsheet, interactive, text, archive, code, other. Links to YouTube, Facebook, Twitter and other services inserted in the comment text will be automatically embedded. Drop file here

Sand Download